Хэд хоногийн өмнө найзууд маань “Прагийн амьтны хүрээлэн дараагийн 4-н Пржевальскийн адууг Монгол руу буцаахаар боллоо” гэсэн баярт мэдээллийг надруу илгээхэд, ер нь энэхүү зэрлэг тахийн талаар би юу мэдэх билээ? гэж өөрөө өөрөөсөө асуув. Яг үнэндээ сүртэй их зүйл мэддэггүй болохоо “гайхан” мэдээд, энэхүү зэрлэг адууны талаар, түүхий нь судалж эхлэв. Ямар сонирхолтой зүйл олж мэдсэнээ та бүхэндээ хуваалцаж байна.

Монгол тахийн онцлог:

Монгол тахь дэлхий дээрх цорын ганц зэрлэг адуу юм. Яагаад гэвэл, бусад зэрлэг адуу болох Америкийн Мустанг, Австралийн Блумби нь уул шугамандаа гэршүүлсэн адуу байсан бөгөөд сүргээсээ зугтан зэрлэг байгальд гарсан байна. Харин Монгол тахийн хувьд хэзээ ч гэршүүлж чадаагүй бөгөөд нэг үгээр товчхондоо хэлэхэд “оригинал” зэрлэгээрээ байгаа адуу юм.

Генетикийн талаас нь харвал, энгийн адуу 64 хромосомтой байдаг бол Монгол тахь 66 хромосомтой байдаг байна. Мөн энгийн адуунаас сүүлээрээ ялгарна.

Дээр хэлсэнчлэн, Африкийн судалтай тахьтай адил унаж, мордож, гэршүүлж болдоггүй ба 5-6-уулаа нийлэн нэг сүрэг болон өдөрт 5-10км нүүдэллэн бэлчинэ.



Он цагийн мөчлөгт:

1881 он: Польш гаралтай Орос геологч Николай Михайлович Пржевальский нь төв азийн нутгаар хийсэн өргөн хэмжээний судалгаа шинжилгээний ажлын хүрээнд олон мянган төрөл, зүйлийн ургамал, амьтны талаар үнэ цэнэтэй баримт цуглуулсан байна. Үүний дотор Монгол хоёр бөхт тэмээ болон устахын ирмэг дээр буй зэрлэг тахийн талаар анх удаа баримтлуулж авсан нь дараа дараагийн Европын судлаач шинжээчдэд үнэ цэнэтэй материал болсон байна.

1900 он: Цаг агаар, уур амьсгалын хүчин зүйлээс гадна хүний оролцоо устах аюулд ороод байсан  тахийн тоог эрс буурахад нөлөөлжээ. Жишээлбэл, нутгийн иргэд агнах, мөн баян газар эзэмшигч, худалдаачин нар сүр сүргээр нь барин Европ зөөх болсон байна. Азаар Карл Хагенбек хэмээх эрдэмтэн шунахай худалдаачид дуусгахаас өмнө 15-н тахийг амьтны хүрээлэнд шилжүүлсэн байна. Одоо дэлхий дээр бүх тахь нар бол энэхүү 15-ын үр удам юм.

эх сурвалж тэргүүлэгч.ком

Comments are closed.